1.1 Хөрөнгө оруулагч нь хувь нийлүүлэгчдийн хоорондын зээлийн дагуу Айванхоу Майнз Лтд болон Рио Тинтогийн санхүүжилтээр Оюутолгой төсөлд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан. Энэхүү гэрээний 16.20-д заасны дагуу уг гэрээ нь хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн мөрдөгдөж, эхний ээлжинд 30 жилийн хугацаанд хүчинтэй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 29.3 дүгээр зүйлд энэ тухай хуульчилсан байгаа болно.
2. Оюутолгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн Төрийн эзэмших хувьцааг 34 хувиар тогтоосугай.
Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дүгээр зүйлд энэ тухай хуульчилсан байгаа болно.
Одоо мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хууль нь Монгол улсын эрх ашгийг хамгаалж чадахгүй байгаагийн тод жишээ нь энэ гэрээний төсөл учраас энэ хуулийг өөрчлөн дахин хэлэлцэхээс нааш энэ гэрээний төслийг хэлэлцэх нь утгагүй юм.
1.6. Засгийн газар нь төрийн өмчит компани болох Эрдэнэс МГЛ ХХК-аар дамжуулан Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 34 хувийг өмчилнө. Энэхүү гэрээний 16.8-д заасны дагуу энэхүү гэрээ сунгагдсанаас 1 жилийн дотор хоёрдугаар хавсралт болох Хувь нийлүүлэгчдийн гэрээнд харилцан тохиролцсон нөхцлөөр Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 16 хувийг Засгийн газар нэмж өмчлөх эрхтэй.
Хувьцааны төрлүүдийг нарийн гаргаж өгөөгүй эсвэл энэ тухай гэрээний хавсралтанд зааж өгсөн байх магадгүй боловч эдгээр хавсралтууд нь одоо болтол олон нийтэд хүрээгүй нууц байгаа. Бие даан нэр дэвшсэн гишүүд болон мэдээллийг задруулж магадгүй гэсэн гишүүдэд гэрээний төсөл очоогүй гэсэн яриа тархаж байгаа нь энэхүү гэрээг бүх хавсралтуудын хамт олон нийтэд танилцуулах шаардлагатайг харуулж байна.
1.10.Энэхүү гэрээнд заасан нөхцлөөр Хөрөнгө оруулагч нь Оюутолгой ордын 6709А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд орших далд аргаар олборлох талбайн ашигт малтмалын нөөцийг улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, техник, эдийн засгийн үндэслэлийг одоо мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомжийн дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хянуулахаар хүргүүлсний дараа далд уурхайн хзсэгт ашигт малтмал олборлох болон боловсруулах үйл ажиллагаа явуулах онцгой эрхтэй. Нөөцийг бүртгэхээс хүндэтгэх шалтгаангүйгээр татгалзах, эсхүл хойшлуулахгүй бөгөөд геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад нөөцийн мэдэгдэл болон техник, эдийн засгийн үндэслэлийг Хөрөнгө оруулагч нь хүргүүлсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор нөөцийг бүртгэнэ. Техник, эдийн засгийн үндэслэлийг хянан хэлэлцэх асуудлыг 90 хоногийн дотор шийднэ.
Тулган шаардалт
2.5. Хөрөнгө оруулагч түүний хамааралтай этгээдүүд нь 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас баталсан Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн (Гэнэтийн ашгийн) албан татварын тухай хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт, орлуулсан татвар болон бусад ижил төстэй гэнэтийн ашгийн татвараас чөлөөлөгдөх бөгөөд ямар ч нөхцөлд (энэхүү гэрээг байгуулагдах өдрөөс эхлэн цаашид) тэдгээрийг төлөх үүрэг хүлээхгүй.
Энэхүү гэрээний төслийг зэсийн үнэ унасан үеийг далимдуулж удаа дараа батлуулахыг оролдож байгаа. Айвенхоу Майнз-н Фрийдландад хоёр талдаа харилцан ашигтай гэрээ байгуулах сонирхол огтхон ч байхгүй байгаа бөгөөд зөвхөн төрийн эрхэнд байгаа нөхдүүдийг худалдаж авах замаар Монгол улсын ирээдүйд маш их хор уршиг тарихуйцаар, Ашигт малтмалын хуульд өөртөө ашигтайгаар нэмэлт өөрчлөлт оруулж, дэлхий эдийн засгийн хямралыг далимдуулан гэрээний төслийг батлуулахаар улайран оролдож байна.
3.12. Хөрөнгө оруулагч уурхай хаагдсан үед уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас үүсч бий болсон, аюул учруулж болзошгүй газруудыг зохих масштабын газрын зураг дээр нарийвчлан тэмдэглэж, шаардлагатай тэмдэг, дохио, сануулгыг уурхайн эдэлбэрийн орчинд байрлуулах бөгөөд газрын зургийг мэргэжлийн хяналтын алба болон тухайн сум, багийн Засаг даргад хүлээлгэн өгнө.
Аюул учруулж болзошгүй газруудыг мэдэгдэх төдийгөөр хязгаарлагдахгүйгээр учирч болзошгүй аюулыг арилгах үүрэгтэй баймаар юм. Зөвхөн анхааруулга сануулга тавьсанаар уурхай байсан газарт онгойсон нүхнүүд л үлдэх бөгөөд дахин хэзээ ч ямар нэг аргаар ашиглагдах боломжгүй болно гэсэн үг. Гэрээт талбай гэж нэрлээд байгаа нь Өмнөговь аймгийн нийт талбайн хэмжээнээс ч том бөгөөд энэ нь хууль бус ойлголт.
3.18. Хэрэв Хөрөнгө оруулагч нь Оюутолгой төсөлд зориулан хайлуулах үйлдвэр барих бол тухайн хайлуулах үйлдвэрийг Монгол Улсад барина гэдгийг Засгийн газартай тохиролцов.
Хэрэв зэс хайлуулах үйлдвэр барих бол гэдэг нь хөрөнгө оруулагч тал зэс хайлуулах үйлдвэр барихгүй байж болно гэсэн үг.
6.9. Хөрөнгө оруулагч нь Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх хүлээлгэн өгөх зэрэг шууд ба шууд бусаар холбоотой үйл ажиллагааг явуулахад хөрөнгө оруулагчийн олж илрүүлсэн усны эх үүсвэрийг (Ус ашиглах зөвшөөрөл бүхий усны эх үүсвэрүүдийг оролцуулан) ашиглах онцгой эрхийг энэхүү Гэрээгээр Засгийн газар Хөрөнгө оруулагчид олгож байгаа болно. Энэхүү Гэрээний 12-т заасан Засгийн газрын хүлээх үүргийг хязгаарлахгүйгээр Засгийн газар нь өөрийнхөө илрүүлсэн усны нөөцийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хэлэлцэн баталсан, зөвлөмж болгосон хэмжээ, горимоор ашиглах зөвшөөрлийг Хөрөнгө оруулагчид шуурхай олгоно.
Гүний усыг ашиглах эрхийг энэ гэрээгээр далимдуулан шууд авахыг оролдож байна.
6.12 Ус ашиглах гэрээг 20-иос доошгүй жилийн хугацаагаар байгуулах бөгөөд уг гэрээг тухай бүр 5 жилээр сунгана.
Гэрээний хугацаа хэтэрхий урт бөгөөд ашиглалтын талаар ямар ч дүгнэлт тайлан нөхцөлгүйгээр шууд 5, 5 жилээр шууд сунгагдана. Ашиглалтын явцад монголчууд усны талаар үг дуугарах эрхгүй гэсэн үг.
6.14. Хөрөнгө оруулагч нь Оюутолгой төсөлд хэрэглэх усны хэрэглээг аль болох бууруулах, усны нөөцийг зохистой ашиглах, усыг дахин ашиглах зорилгоор орчин үеийн арга, технологийг нэвтрүүлэх бөгөөд боломжтой бол хэрэглэсэн усыг дахин цэвэрлэж ашиглахдаа ижил төрлийн уурхайн үйл ажиллагаанд ашигласан технологийг хэрэглэнэ.
Аль болох бууруулах, боломжтой бол гэдэг нь заавал биелүүлэх гэсэн үг биш бөгөөд биелүүлэхгүй байсан ч болно гэсэн утгатай.
7.2.2. Хөрөнгө оруулагч нь Оюутолгой төслийн богино болон урт хугацааны цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх барилга, байгууламжийг Монгол Улсын хамгийн тохиромжтой байршилд (эсвэл Хамааралтай этгээд, Гэрээт гүйцэтгэгч эсхүл Туслан гүйцэтгэгчээр бариулах болон ажиллуулах) барих, ажиллуулах, уг эрчим хүч үйлдвэрлэх байгууламжид ашиглах нүүрсний эх үүсвэрийг өөрийн үзэмжээр дангаар тогтоох
Нүүрсний эх үүсвэрийг өөрийн үзэмжээр дангаар тогтоох гэдэг нь байж болшгүй асуудал. Монголд одоогоор нөөц нь тогтоогдсон нүүрсний орд зөндөө байхад ийм заалт бүхий гэрээ байгуулна гэдэг байж болшгүй.
8.5. Үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлснээс хойш Оюу толгой төслийн нийт ажиллагсдын 90-ээс доошгүй хувь нь Монгол Улсын ажилчид байх талаар Хөрөнгө оруулагч нь хүчин чармайлт гарган ажиллана.
Хөрөнгө оруулагч нь хүчин чармайлт гаргах бөгөөд заавал 90-с доошгүй хувь нь Монгол улсын ажилчид байна гэсэн үг биш.
9.6. Оюутолгой төслийг хэрэгжүүлэх хугацаа, үе шатыг зах зээлийн болон санхүүгийн (үүнд Оюу толгой төслийг санхүүжүүлэх эх үүсвэрийн олдоц болон нөхцөл хамаарна) нөхцөл байдлыг харгалзан үзэж техник эдийн засгийн үндэслэлд заасны дагуу хөрөнгө оруулагч шийдвэрлэнэ. Хэрэв Хөрөнгө оруулагч Оюутолгой төслийг хэрэгжүүлэх төлөвлөсөн дараалалдаа томоохон өөрчлөлт хийх тохиолдолд Эрдэс баялаг, эрчим хүчний асуудал эрхэлсэн Сайдад бичгээр мэдэгдэнэ.
Зөвхөн мэдэгдэх үүрэгтэй бөгөөд үүнд нь Монгол улс Монгол улсын засгийн газар ч ямар нэг хэлбэрээр оролцох бололцоо байхгүй.
13.1 Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал гэдэгт Гэрээний нэгдүгээр хавсралтад заасан нөхцөл байдал хамаарна.
Гэрээний хавсралтуудыг одоо болтол нууцалж байгаа.
16.8. Хэрвээ Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээнд заасан нөхцөл шаардлагыг хангасан бөгөөд Оюутолгойн төслийн үндсэн үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалтаа хадгалж үргэлжлүүлэх хүсэлтэй бол энэхүү Гэрээ дуусгавар болохоос 6-аас доошгүй сарын өмнө Засгийн газарт мэдэгдэл хүргүүлснээр Гэрээний хугацааг сунгуулах эрхтэй бөгөөд Засгийн газар Хөрөнгө оруулагчийн уг мэдэгдлийг хүлээн авснаар Гэрээг 20 жилийн хугацаагаар шууд сунгана.
Гэрээ сунгагдах эсэхийг дан нэг тал болох хөрөнгө оруулагчийн хүсэл сонирхолоор шийднэ.
16.10. Гэрээг Монгол, Англи хэл дээр тус бүр хоёр эх хувийг үйлдэх бөгөөд талууд хэл тус бүр дээрх хувийг хадгална. Гэрээний Монгол, Англи хувийг эрх тэгш хэмээн тооцох бөгөөд харин агуулгын болон орчуулгын хувьд зөрвөл Англи хэл дээрх хувийг баримтална.
Ямар нэг маргаан гараад Арбитр-н шүүхээр шийдүүлэх болоход зөвхөн англи хэл дээрх эх нь хүчин төгөлдөр гэсэн үг энэ 2 эх хувь нь утгын найруулгын болон ямар нэгэн зөрөөгүйгээр үйлдэгдэх ёстой.
